Өмнөх бичлэгээрээ энэхүү жаваскрипт санг яагаад ашиглах болсон мөн ямар давуу талуудтай талаар бичсэн. Тэгвэл одоо олон зүйл нуршилгүйгээр үүнийг хэрхэн өөрийнхөө программчилалд бичих талаар эхэлье.
jQuery-ийн үндсэн сан зөвхөн нэг жаваскрипт файлаас бүрдэх бөгөөд үүнийг эндээс татаж аваад өөрийн хэрэглэх гэж байгаа сервер дээрээ хуулж өгнө. Энэ файлыг HTML дотроо жаваскрипт холбодог коммандаар холбож өгөх бөгөөд доорхи маягаар харагдана.
<script src="your_path/jquery.js" type="text/javascript"></script>
Мэдээж хэрэг файл хуулж өгсөн замаа энд зaaж өгөх нь тодорхой. За ингэж холбоод өгсөний дараа бол үндсэндээ jQuery-ийг бүрэн хэмжээгээр нь ашиглах боломжтой болчихлоо гэсэн үг.
jQuery-ийн хамгийн чухал функц бол jQuery() буюу товчилж бичвэл $() юм. Энэ функцийн тусламжтайгаар өөрт хэрэгтэй байгаа DOM хэсгийг цуглуулах бөгөөд үүн дээрээ уламжлаад цаашаа хийх үйлдлүүдээ хийдэг. Тэгвэл ямар нэг элемэнтийг сонгох хэлбэр маш олон янз байдаг. Үүнээс хамгийн хэрэглэгддэгээс жишээ болговол:
Бүх h1 элемэнтүүд: $('h1')
link класстай span элемэнтүүд: $('span.link')
navi id-тай div-ээс бүх li элемэнтүүд: $('div#navi li')
радио элемэнтүүд: $('input[type="radio"]')
гэх мэтчилэн маш олон янзаар ямар нэг DOM хэсгийг болон элемэнтүүдийг сонгож авах боломжтой.
Ингэж хайж олсон DOM элемэнтүүдээ яаж л бол яаж өөрчилөх болон бусад үйлдлүүдийг хийх боломжтой. жишээ болгоод нэг энгийн жишээ авъя. Бүх h1 элемэнтийг улаан өнгөтэй болгох:
$('h1').css('color', 'red');
Дээрх жишээнүүдээс бас нэг харагдаж байгаа зүйл нь ямар нэг элемэнтүүдийг CSS тэмдэглэгээгээр буюу класс болон id-аар сонгож авч байгаа юм. Үүнээс гадна элементүүдийг шууд ямар нэг аттрибутаар, эцэг хүүхэд элемэнтийн бүтцээр болон хайж олж авах гэсэн олон янзын сонголтууд бий. Эдгээр нь дараа дараагийн жишээнүүд дээр илүү тодорхой тайлбарлагдаад явах нь тодорхой.
Бусад сангуудтай хамт ашиглах
Өргөн ашиглагддаг буюу доллар тэмдэгийг хэрэглээд явахад хүндрэл гарах тохиолдол байдаг. Ийм асуудал бусад ямар нэг жаваскрипт сантай хамт ашиглах үед ихээр тохиолддог. Энэ нь зарим бусад сангууд бас доллар тэмдэгтийг хувьсагчаар ашигласан байдагтай холбоотой. Энэ тохиолдолд доллар тэмдэгийг биш өөр хувсагч зарлаж өгч түүнийг цаашдийнхаа кодод ашигладаг. Зарлах бичлэг нь:
var $jQ = jQuery.noConflict();
Эсвэл энэ noConflict гэсэн функцын утгыг заавал хувсагчид олголгүйгээр шууд
jQuery.noConflict();
гэж зарлаад jQuery() гэсэн хэлбэрийг хэрэглэж болно. Их код бичвэл арай урт байдаг болохоос өөрөөр урьдах хувилбараас ялгаа байхгүй. Жаваскрипт файл өөрөө вэбтэй хамт уншигддаг учраас аль болох бага хэмжээтэй байвал зүгээр байдаг гэдгийг энд анхаарах хэрэгтэй.
RSS
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл хараахан бичигдээгүй байна!