ZF - Zend Framework

Огноо: 2010-07-21 00:24:25 Зохиогч: ulzii

Сүүлийн хэдэн жилд аливаа программчидын хувьд Framework(галигчилж явах гэснээ болилоо. Зарим үгийг галигчилж байснаас цаашид ингээд биччихвэл амар санагдлаа.) гэдэг үг их танил болсон бөгөөд бараг л бүх программын компаниуд, мэргэжилтнүүд өөрсдийнхөө үйл ажиллагаа, ажилдаа ашиглах болсон. Тэгвэл энэ Framework гэж яг юу байна, үүнийг ашигласнаараа ямар ашигтай болоод ингэж ихээр хэрэглэгдэх болов? Хариулт нь харин олон янзаар тайлбарлаж болно. Эдийн засгийн талаас тайлбарлахын бол ерөөсөө ашигтай ажиллахын тулд л ингэж байна аа гээд хэлчихэж болно. программ зохиогчийн зүгээс бол тухайн framework-ийн архитектур дээр тулгуурлаад түүний бэлэн сангаас ашиглаад, гол зүйлдээ анхаарлаа хандуулж ажиллах мөн дараа нь бичсэн кодоо нэг их хүндрэлгүйгээр цааш нь хөгжүүлж болдогт оршино.

За тэгээд PHP дээр бичигдсэн их олон янзын framework-үүд байдгаас сүүлийн жилүүдэд маш хурдацтайгаар хөгжиж байгаа framework  бол Zend Framework. Хүмүүс үүнийг маш ихээр хэрэглэх болсон бас нэг том шалтгаан бол миний бодлоор түүний баталгаатай ирээдүй юм. Zend Framework-ийн ард PHP-ийн үндсэн хөгжүүлэгч компани байдаг болохоор PHP цааш хөгжиж байвал Zend Framework ч гэсэн хөгжсөөр л байх нь гарцаагүй.

 

Давуу тал нь юу байна?

- Zend-Framework нь маш олон бие биенээс нь хамааралгүй хэрэглэж болох класс буюу сангуудаас бүрддэг. Үүн дотор өгөгдлийн сантай ажиллах, хүснэгт бөглөх, хэрэглэгчийн өгөгдлийг шалгах болон шүүх гэх мэт маш олон компонентууд байдаг. Үүний талаар гарын авлага дээр дэлгэрэнгүй тайлбарласан байгаа.

- Нэг бичсэн кодоо буцаагаад өөр ажилд ашиглаад явах боломжтой.

- Гарын авлага, тусламж материал сайтай. Гартаа эзэмшиж авъя гэвэл заавал унших зүйл. Эхлэн суралцаж байгаа хүмүүст энэ нь маш их тус болдог.

- Тэр чигээрээ объект хандалтат технологи дээр суурилсан бөгөөд MVC загвартай

- Хөгжүүлэлт нь тогтмол цаашаа явагдаж байгаа бөгөөд нээлттэй эх бүхий кодтой.

 

Эхлэн суралцах хэцүү юу?

Суралцах хугацаа нь хүм бүрээс өөрөөс нь хамааралтай. Яагаад гэвэл хүн бүрийн PHP-ийн мэдлэг, ерөнхий программ бичиж байсан туршлага гэх зэргээс их шалтгаална. Мэдээж хэрэг алга урвуулахын адил сурчихна гэж бол байхгүй л дээ. Ийм учраас жижиг ойр зуур зүйл дээр үүнийг ашиглаад байх нь яг тохирсон зүйл биш. Нөгөө Харин томоохон төслүүдэд ашиглах нь бүгдийг өөрийн гараар бичсэнээс хамаагүй илүү үр дүнтэй байх бөгөөд нөгөө хамаг цаг заваа гаргаж сурсан нь тус болдог.


MVC - Model View Controller -ийн талаар товчхон:

MVC архитектур сүүлийн жилүүдэд олон тооны framework-үүдэд ихээр ашиглагдах болсон.  PHP бол өөрөө скрипт программын хэл болохоор HTML код дунд холилдоод бичигддэг. Энэ холилдсон код нь томоохон төслүүд дээр маш хурданаар хүндрэлд хүргэдэг. Ер нь бол аливаа нэг программыг эхлэн бичхээсээ цаашаа хөгжүүлж авч явах нь илүү зардалтай бас хүндрэлтэй байдаг. Тийм учраас эхнээсээ л программаа ойлгомжтой зөв бичвэл сүүлд илүү амар байдаг. Хэрхэн амархан уншигддаг ойлгогддог код бичих талаар сүүлд бичлэг оруулна гэж бодож байгаа.

MVC-ийн хувьд программыг ерөнхийд нь гурван бүлэгт хуваадаг. Ингэснээрээ программын кодыг эмх цэгцтэй ойлгомжтой болгож өгнө. Эдгээр нь:

M - Model: Өгөгдлийн баазтай харилцаж ажиллах хэсэг. Үүнээс гадна дүрэм ёсоор бол тухайн программмын логик үйлдлүүд багтана.

V - View: Хэрэглэгчид харагдах хэсэг. ZF дээр View-d зориулсан стандарт тусгай template engine байхгүй ч гэсэн хэрэглэх боломжтой байдаг.

C - Controller: Энэ нь өмнөх хоёр-ын зуучлах үүргийг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн хийсэн үйлдлийг model-д дамжуулах мөн гарсан үр дүнг view-рүү буцааж дамжуулна. Зарим программ зохиогчид энэ хэсэгт бас логик функцуудыг багтааж өгөх тохиолдол байдаг.

Framework хэрэглээгүй тохиолдолд ч гэсэн өөрийнхөө вэб апп-ыг ингэж зохион байгуулж явбал их зүгээр. За ингээд дуусгая.

 

Жич: уншигчиддаа дахин хэлэхэд зарим нэг үг хэллэгүүдийг шууд галигчилж оруулахгүй яваад байгаа нь бага зэрэг хүндрэлтэй байж магадгүй. Дараа дараагынхаа бичлэгүүдэд аль болох оновчтой үг хэллэгүүдийг хэрэглэхийг зорино.

За ингээд өндөрлье. Bye!

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл хараахан бичигдээгүй байна!

Шинэ сэтгэгдэл бичих


Ангилал